Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
ОРОС УЛС МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ САНСРЫН НИСГЭГЧИЙГ БЭЛТГЭХЭЭР БОЛЛОО

Монголын анхны эмэгтэй сансрын нисгэгчийг ОХУ-д бэлтгэхээр тохиролцсон тухай тус улсын шадар сайд Виктория Абрамченко мягмар гарагт мэдэгджээ.
"Сансар судлалын салбарт Орос, Монгол уламжлалт түншлэлтэй. Бид Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг Оросын мэргэжилтнүүдээр бэлтгүүлэх талаар тохиролцлоо. Энэ бол Владимир Жанибеков, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын хамтарсан нислэгийн үргэлжлэл байх болно. Энэ нь мөн сансар судлалын салбарын уламжлалт түншлэлийн маш сайхан, өндөр ач холбогдолтой төсөл болно гэж бодож байна” гэж шадар сайд Виктория Абрамченко Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай тус улсын эмэгтэй сансрын нисэгчийг дэлхийн тойрог зам руу илгээх асуудлыг хэлэлцэж байгаа талаараа Оросын төрийн өмчит “Роскосмос” корпорац урьд нь мэдээлж байсан билээ. Одоо мөн 2023 онд “Союз” хөлгөөр тойрог зам руу хийх нислэгт Беларусь улсаас сансрын нисэгчийг сонгож байгаа юм байна. Оросын мэргэжилтнүүд Монголын сансрын нисэгчийг сансарт илгээх бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг Монголын талд танилцуулжээ.
                                       
                                                                                                                             Эх сурвалж: Montsame.mn