Stories
Э. Бат-амгалан
Бараг 2 жилийн өмнө
Хамгийн сүүлд таныг юу аз жаргалтай болгосон бэ?

Э. Хулан
Би 15 настай... энэ хугацаанд би аавтайгаа хоёр удаа л уулзаж үзсэн... Нэг нь дөнгөж төрөөд уулзсан бол таван жилийн өмнө 10 настайдаа уулзсан минь миний амьдралын хамгийн жаргалтай мөч байсан юм.
Би айлын амин эрдэнэ болсон ганц охин болж 2007 онд мэндэлсэн... Миний аав амьдралаа сайжруулах гэж намайг хэдхэн сартай байхад алс холын Солонгос улсыг зорьж би ээжтэйгээ амьдарч байлаа. Ухаан орсон цагаасаа аавтайгаа байнга утсаар ярьж, утасны цаанаас ч гэсэн үргэлж хамт байдаг байлаа.
Би мөрөөддөг байсан юм... Аав ээжтэйгээ элэг бүтэн амьдрах юмсан гэж... Гэвч нэг л өдөр энэ нь мөрөөдөл хэвээрээ үлдэж аав ээж минь тус тусын амьдралаа хөөхөөр болсон талаар би мэдсэн...
Нэг өдөр аав минь утсаар ярих үедээ Монголд ирж байгаа талаар дуулгаж ёстой л миний нар гийж, Улаанбаатар хотыг зорилоо... Тэр үед маш их догдолж 10 настай миний цээж дэлбэрэх гэж байгаа юм шиг л санагдаж, онгоцны буудал дээр аавыгаа хараад нулимс зогсохгүй урсаж, тас тэврэн зогсож байснаа санадаг... Тэгээд л аавтайгаа нэг сарын хугацаанд хамтдаа аялаж, үргэлж халуун дулаан энгэрт нь тэврүүлэн унтаж байсан үе миний амьдралын богинохон хэдий ч хамгийн жаргалтай, хамгийн дурсамжтай мөч байсан юм...
Харин одоо аав минь Щвейцарь улсыг гэр бүлийн хамт зорьж тэндээ аж төрөн амьдарч байгаа... Үе үехэн гомддог хэдий ч аав л бол аав шүү дээ...