Эдийн засаг
*. Админ .*
2 жилийн өмнө
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ОРЛОГЧ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН З.ГАНБААТАР 40 ТЭРБУМЫН АВИЛГА АВЧ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖЭЭ

Эл хэргийг энэ оны 2-р сард Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тэрээр Оросын Холбооны Улсын хаалттай хувьцаат нийгэмлэгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал ажилтай Зимин Алексей Владимировичийн “...“Эрдэнэт үйлдвэр"-тэй 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах, харилцан ашигтай байх...” гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компаниас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгагдсан.
З.Ганбаатар нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн. Тодруулбал, Тус компаниас Их Британийн Виржинийн Аралд үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийн Латви Улсын “Аs Citadele” /Ас Ситаделе/ банкан дахь LV11PARX0009790520001 америк долларын дансаар дамжуулан, “Роwer Wit limited” /Повер Вит Лимитэд/ компанийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “NSBC” /Эн Эс Би Си/ банк дахь 640099859838 дугаарын америк долларын дансанд үргэлжилсэн үйлдлээр 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 765,000 америк доллар, 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 510,000 америк доллар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 америк доллар, 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 480,000 америк доллар, 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 520,000 америк доллар, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 америк доллар, нийт 3,375,000 америк доллар буюу 4 тэрбум 347 сая 312 мянга 50 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан нь тогтоогдсон.
З.Ганбаатар хахуульд нийтдээ 4 тэрбум 347 сая 312 мянга 50 төгрөг авсан байна. Уг мөнгөний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Г.Э /өөрийн хүү/ үүсгэн байгуулсан оффшор компанийн дансаар авч, үүнээс 569,060.99 Английн фунт стерлинг буюу 1 тэрбум 190 сая 566 сая 640 төгрөгөөр 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Г.Э-ы нэр дээр Их Британийн Нэгдсэн Вант Улсын Лондон хотод 110 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авч мөнгө угаажээ.
Шүүх З.Ганбаатар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хорин сая төгрөгөөр торгох, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.
Мөн тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт учруулсан хохирол 4 тэрбум 347 сая 312 мянга 50 төгрөгийг төлж барагдуулжээ.