.
Ygd.mn сайт ярилцлагын булангийнхаа шинэхэн зочноор “Цахиур” фитнес клубийн дасгалжуулагч Н.Батчимэгийг урилаа. Фитнесийн спортод бусдаас өөр шалтгаанаар татагдаж, өдгөө үндсэн ажлаа болгож яваа түүнтэй богино хугацаанд халуун яриа өрнүүллээ.
Фитнесээр хичээллэж эхэлсэн тань жин хаях гэх мэт нийтлэг шалтгаантай байв уу? Эсвэл өөр онцгой шалтгаан байв уу?
2019 онд надад болон ойр дотныхонд маань маш хүнд зүйл тохиолдсон юм. Тэр жил би 3 сайхан эгчийгээ авто ослоор алдсан. Энэ явдал 2019 оны сүүлээр тохиолдсон. Уй гашууг маань залгаад Монголд Ковидын тохиолдол бүртгэгдээд л. Сэтгэл санааны хувьд тийм цохилт авсан хүнд сатаарах юм хэрэгтэй байдаг даа. Сэтгэл санаагаа сэргээх, тодорхой хэмжээний адерналин ялгаруулах зорилгоор эхэндээ зааландаа ирж дугуй жийнэ. Бас би худалдааны бизнес хийдэг байсан. Тэр маань ч ковидоос болоод үйл ажиллагаа явуулахад хүнд үе таарсан. Тэр үед л багш маань надад чи фитнесээр хичээллэх хэрэгтэй гэж хэлсэн юм.
Тэгээд л фитнесийн тамирчин болох зам эхэлж дээ, тийм үү?
Багшийг хэлсэн даруйд нь шийдээгүй л дээ. 2019 оны сүүлээр ковид гээд сүрхий хөл хорио тогтоосон доо. Спорт заалууд хаагдаад л. Гэхдээ надад түрүүн хэлдэг сатаарах хэрэгцээ маань хэвээр байсан. Тийм учраас би багшаасаа заалны түлхүүрийг нь гуйж аваад ганцаараа ирж фитнесийн бэлтгэл хийдэг байлаа. Хөл хориотой үед амаргүй байсан л даа. Тэр үед л жинхнээсээ энэ спортод татагдаж эхэлсэн. Өнгөрсөн жил Champ camp гээд тэмцээн болсон. Энэ тэмцээний өмнө бид эмэгтэйчүүдийн жин хасах хөтөлбөр зохион байгуулахад Улаанбаатар хотоос н.Нарангуа гээд мундаг тамирчин, багш маань ирж ажилласан. н.Нарангуа багш чи Champ camp-д оролцоод үзээ. Чамайг чадна гэж бодож байна гээд сар гаруйхан хугацааны бэлтгэл хийж сонирхогчдын ангилалд оролцсон. Тэгээд би 3-р байранд орсон. Үүндээ их урамшаад одоо болтол хичээллэж байна даа.
Энэ спорт танд сэтгэлийн шархаа эдгээхэд тусалсан юм байна шүү дээ?
Харин тийм. Эгч нарыгаа санаж бэтгэрдэг зовлонгоо фитнесийн дасгал хийхдээ бүгдийг нь мартдаг байсан. 2-3 цаг бэлтгэл хийгээд, хөлсөө гаргаад гэртээ харихад сэтгэл санаа маш их хөнгөрсөн байдаг байлаа. Тийм болохоор энэ спортод би маш их хайртай. Сүүлийн 1 жилийн хугацаанд маш эрчимтэй бэлтгэл хийж байна. Одоо фитнесийн багш, тамирчин болсон. Одоо ч суралцаад л явж байна. Ер нь спортод төгс болно гэж байдаггүй гэж боддог.
Хүмүүс ихэвчлэн жингээ хасах гэж, өв тэгш биетэй болох гэж энэ спортыг сонгодог. Таны түүх их сонирхолтой юм. Гэхдээ хүмүүстэй ижил зорилго байсан биздээ?
Би 2 хүүхдийн ээж. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд тулгамддаг илүүдэл жингийн асуудал ч надад байсан л даа. Том хүүгээ төрүүлээд 72 кг, бага охиноо гаргаад 80 кг жинд хүрсэн. Би сүүлийн 5 жил 31 кг жин хаясан. Хүмүүс сарын дотор 10 хил хаях хүсэлтэй ирээд тэрнээсээ болоод шантраад байдаг. Үнэндээ энэ нь боломжгүй зүйл. Хэрэв тийм хугацаанд 10 хил турвал таны эрүүл мэнд сүйрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Жин хаях, өв тэгш биетэй болно гэдэг бол уйгагүй хөдөлмөр. Турах гэдэг бол тууштай байх л юм бол амархан зүйл. Унаган махтай хүн ч жин хаяж чаддаг. Үүнд эрт, орой гэсэн зүйл огт байхгүй. Нас бүр ч хамаагүй.
Нэгдүгээрт тууштай байж чадаж. Хоёрдугаарт үр дүнд хүрсэн байна. Өөрөөр бахархаж байгаа биздээ?
Тэгэлгүй яахав. Хүн ер нь өөрөө өөрөөрөө л бахархаж, өөрийгөө л дээш нь татаж амьдрах хэрэгтэй юм билээ. Хүн өөрийгөө хайрлаж байх бусдад хайрлагддаг юм байна гэж боддог болсон.
Одоо энэ спорт таны ажил юм байна. Өөр ажил хийх сонголтууд мэдээж гарсан байх?
Би санхүүгийн мэргэжилтэй. Урьд нь банк санхүүгийн салбарт ажиллаж байсан. Ажилдаа буцаад орооч гэсэн санал ирсэн. Хил нээгдээд дэлгүүрээ ч ажиллуулж болохоор байна. Гэхдээ өөрийгөө бага ч гэсэн өөрчилж чадсан туршлагаа бусадтай хуваалцмаар байна. Одоо фитнесс миний дуртай зүйл. Дуртай юмаа хиймээр байна.
Таныг зориод ирж байгаа хүнд юу өгөхийг, ямар дадал зан чанарыг “суулгаж” өгөхийг зорьдог вэ?
Хэт ачааллаар шахаж тухайн хүнийг шантрааж огт болохгүй гэдэг зарчим бий. Та ямар мундаг гэдгээ мэдэх хэрэгтэй. Танаас үүнээс ч илүү хүч чадал гарна гэдгийг ойлгуулахыг л хичээдэг. Хүмүүст нийтлэг 2 асуудал байдаг. Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт. Нэгдүгээрт энэ хоёр асуудлыг нь мэргэжлийн түвшинд шийдэхийг зорьдог. Одоо би хоол зүйчээр сурч байна. Дараа нь сэтгэл зүйчээр сурна. Ер нь хүнийг эрүүлжүүлэх, илүүдэл жинг нь хасахад нь туслах, амьдралын зөв хэв маягтай болгох нь миний зорилго болсон доо.