ЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС НИЙСЛЭЛ, 21 АЙМГААС 2021 ОНЫ АЖЛААРАА МАНЛАЙЛЖ ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарт зориулсан сургалт-семинарыг өнгөрсөн сарын 31-ний өдрөөс энэ сарын сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Сургалтаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагуудын төлөөллүүд Хууль зүйн туслалцааны тухай /Шинэчилсэн найруулга/, Архидан согтуурахтай тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ зэрэг шинээр батлагдсан болон боловсруулж буй хууль тогтоомжийн төслүүдийн танилцуулгыг хийв. Мөн 2023 оны нэгдүгээрр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх дөрвөн хуулийн талаар мэдээлэл өгсөн байна. Мөн энэ үеэр 2021 оны үйл ажиллагаагаараа манлайлсан хамт олныг шалгаруулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс 2021 оны үйл ажиллагаагаараа тэргүүн байранд, Орхон аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс дэд байранд орсон бол Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс гуравдугаар байранд шалгарсан байна.
Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй 800 гаруй хууль тогтоомжоос 80 гаруйг нь иргэд олон нийтэд сурталчлан, танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллажээ. Мөн “Орхон хууль зүйн хэлтэс” фэйж хуудас болон Номин телевизтэй хамтран 37 удаагийн телевизийн нэвтрүүлэг, 25 удаагийн хууль эрх зүйн сургалт зохион байгуулж, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлжээ.