
Монгол хоол, идээ ундааны “УЛСЫН АВАРГА ТОГООЧ” шалгаруулах анхдугаар уралдаан, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсдын “СПОРТЫН АНХДУГААР ИХ НААДАМ” өнөөдөр манай аймагт эхэллээ.
Монгол хоол, идээ ундааг бэлтгэх уламжлалт арга технологийг хойч үедээ өвлүүлэх, сурталчлах, аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх, олон ястан, угсаатнуудын соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, брэндийг бий болгох, салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь энэхүү арга хэмжээний зорилго юм.
Анхдугаар наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 700 гаруй салбарын ажилтнууд оролцож байна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой улсын аварга тогооч шалгаруулах уралдаан өмнө нь 40 удаа болж байсан.
Энэ жилийн тухайд монгол хоол идээ, ундааны анхдугаар уралдаан гэдгээрээ онцлог болж байгаа юм.
Оролцогчид малын дотор мах, дайвар бүтээгдэхүүн, Монголын үндэсний өглөөний цайны төрөл, орчин үеийн монгол хоолны төрөл /Үр тариа жимс, жимсгэнээр хийсэн бүтээл/, сүү, цагаан идээний төрлөөр тус тус өрсөлдөж байна.
Манай аймгийн хоол үйлдвэрлэлийн салбарт өнөөдрийн байдлаар 280 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1300 гаруй мэргэжлийн боловсон хүчин ажллаж буй. Үүнээс, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан 2, Монгол Улсын мастер тогооч 25, Олон улсын зэрэгтэй шүүгч 3 ажиллаж байна.
Мэдээллийн төв