Аймгийн Засаг даргын 2024 оны А/130 дугаар захирамжийн хүрээнд аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд нэмэлтээр 2000 боодол буюу 40 тн өвс, 3928 шуудай буюу 98.2 тн тэжээлийг худалдан авсан. Үүнд шаардлагатай 146 сая төгрөгийн санхүүжилтыг аймгийн Онцгой комиссын хуралдаанаас шийдвэрлэсэн. Жаргалант, Баян-Өндөр сумдын 11 чиглэлд малчдаа эргэх ажлын хэсэг гарч, өвс тэжээл нь дууссан малчдадаа олгох юм.
Мөн аймгийн Онцгой комиссоос 1000 малчин өрхөд олгох эмийн багцийн 30 сая төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэсэн. Нэг өрхөд 30 мянган төгрөгийн 13 нэр төрлийн бүтээгдэхүүн олгоно.
Улсын Онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны 01/661 дугаартай албан бичгийн дагуу цас ихтэй газар өвөлжиж, хаваржиж байгаа малчин өрх, том малын зүй бус хорогдол ихтэй, ам бүлийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Бог малын хээлтүүлэгч маллаж байгаа нийт 351 малчин өрхөд гурил, будаа олгох өрхийн жагсаалтыг аймгийн Онцгой комисст хүргүүлсэн. Үүнд Баян-Өндөр сумын 44 малчин өрх, Жаргалант сумын 307 малчин өрхөд олгох ажлыг зохион байгуулна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий мэдээллээ.