Хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор иргэдээс санал асуулга авч эхэллээ. 10 хоногийн дараа санал асуулгын дүнг нэгтгэх юм. Нийтийн тээврийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор аймгийн ЗДТГ-аас Хот тохижуулах газарт Нийтийн тээврийн хэсэг байгуулахаар төлөвлөж буй.
2023 оноос иргэдтэй хийсэн 3 удаагийн уулзалтаар гэр хорооллын иргэдээс нийтийн тээвэртэй холбоотой санал хүсэлтийг хамгийн ихээр гаргасан. Үүнд, жолооч нарын харилцаа хандлага, чиглэл, хүлээлтийн хугацаа гэхчлэн олон асуудлыг хэлж байсан юм.
Тиймээс орон нутгийн зүгээс дээрх шийдвэрийг гарган тооцоо судалгаа хийж, өнгөрсөн сарын 26-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн ч олонх уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Иймд иргэд олон нийтээс нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай эсэх асуудлаар санал авах ажлыг зохион байгуулж байна.
Иргэд Та бүхэн нийтийн тээвэртэй холбоотой санал хүсэлтээ www.erdenet.mn мэдээллийн сайтад байршуулсан санал асуулгын цэс, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 дугаарын утсаар өгөх боломжтой.