Нийгэм
*. Админ .*
Нэг өдрийн өмнө
Мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлууд

 Орхон аймаг өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлаас үүдэж малчдад тулгарсан хүндрэлийг даван туулахад дэмжлэг болох зорилгоор шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Өнгөрсөн хоёрдугаар сард аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Онцгой комиссыг дөрвөн удаа хуралдуулж тухай бүр онцлох шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал: аймгийн хэмжээнд "малчдад туслах аяныг" эхлүүлж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор онцгой комиссын зардлаас 146 сая төгрөг шийдвэрлэж, аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг малчдадаа үнэгүй олгох зэрэг шийдвэрүүд гарчээ. Та бүхэнд мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Орхон аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тоймлон хүргэж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв
Зудын эрсдэлийг бууруулах, даван туулах зорилгоор аймгийн хэмжээнд 2024.02.20-оос 2024.05.15-ыг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв. Шуурхай штабын үйл ажиллагаа 24 цагаар ажиллаж эхлэв.

“Малчдад туслах аян”-ыг өрнүүлэв

Байгаль цаг уурын онцгой хүндрэлээс улбаалан мал аж ахуйн хаваржилт хүндэрч Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдад зудархуу нөхцөл байдал үүссэн. Иймд мал төллөлтийн үеэр гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, малчдадаа сэтгэл санааны дэм үзүүлэх зорилгоор Орхон аймгийн Онцгой комиссоос “Малчдад туслах аян”-ыг өрнүүлэв. Өнөөдрийн байдлаар 90 иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 176 сая төгрөгийн 30 нэр төрлийн бараа материал, 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 75,2 сая төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна.

Малчдаа эргэв

Аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал холбогдох албаны хүмүүсийн хамтаар цас ихтэй, хаваржилт хүндэрч болзошгүй Жаргалант сумын Дулаан-Уул багийн Хонгорморьт, Бугын бэлчир, Арцатын аманд хаваржиж буй малчдаа эргэж, малчдынхаа санал хүсэлтийг сонслоо.

Улсын нөөцөөс хуваарилсан 60 тонн тэжээлийг хаваржилтын нөхцөл хүнд байгаа бусад аймаг, сумдад олгох саналыг гаргав

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан Засгийн газрын “ШУУРХАЙ БҮЛЭГ III” ажиллах үеэр улсын нөөцөөс Орхон аймагт хуваарилсан 60 тонн тэжээлийг хаваржилтын нөхцөл байдал хүнд байгаа бусад аймаг, сумдад олгох саналыг аймгийн Онцгой комиссоос гаргалаа.

Аймаг сумын аюулгүйн нөөцийг малчдадаа үнэ төлбөргүй олгов
Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Жаргалант сум болон аймгийн аюулгүйн нөөцөд байгаа өвс тэжээлийг малчдад үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгуулав. Тодруулбал аймгийн аюулгүйн нөөцөд байсан 50 тонн өвс, 61.1 тонн тэжээл, Жаргалант сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 70 тонн өвс, 10 тонн тэжээлийг олголоо. Баян-Өндөр сумын аюулгүйн нөөцийн 4000 ширхэг буюу 80 тонн өвс, 1000 шуудай буюу 25 тонн тэжээлийг оны өмнө малчдад үнэ төлбөргүй олгоод байсан юм. Өнөөдрийн байдлаар малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 90 гаруй хувийг хэрэглэжээ.

Төрийн албан хаагчид 11 чиглэлд ажиллав
Баян-Өндөр сумын 5 чиглэлд, Жаргалант сумын 6 чиглэлд ажлын хэсэг гарч, малчдад төрийн үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэх ажлыг зохион байгуулав. Нийт 11 чиглэлд 44 албан хаагч гарч 251 малчин өрхөөр орж цаг үеийн байдалтай танилцан, төрийг үйлчилгээг үзүүллээ.

Онцгой комиссын зардлаас 146 сая төгрөг шийдвэрлэв
Аймгийн Онцгой комисс хуралдаж өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд нэмэлтээр 2000 боодол буюу 100 тонн өвс, 3928 шуудай буюу 98,2 тонн тэжээлийг худалдан авахаар 146 сая төгрөгийг шийдвэрлэв. Учир нь аймаг сумын аюулгүйн нөөцөд бүрдүүлсэн өвс тэжээлийг малчдад олгосон тул хаваржилтын хүндрэлээс сэргийлж дахин нөөц бүрдүүлэх шаардлага бий болов.

Малын тэжээл, малын ашигт долооц, инноваци шингэсэн бүтээгдэхүүн болон эмийн багц худалдан авахад 150 сая төгрөг зарцуулна
Аймгийн Онцгой комиссын зардлаас 90 сая төгрөг, “Малчдад туслах аян”-аас цугласан мөнгөн хандивын 60 сая төгрөгөөр малын тэжээл, малын ашигт долооц, инноваци шингэсэн бүтээгдэхүүн болон малчин өрхөд хүргэх эмийн багц худалдан авах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Малчдад эмийн багц хүргүүлнэ
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус бүр нь 30,000 төгрөгийн өртөг бүхий 1000 ширхэг эмийн багцыг гаргаж малчдадаа үнэ төлбөргүй олгохоор 30 сая төгрөг шийдвэрлэв. Аймгийн хэмжээнд 1380 малчин болон мал бүхий иргэд байна. Эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн судалгаагаар малчдын дунд амьсгал, зүрх судасны өвчлөл болон хоол боловсруулах замын өвчлөл тэргүүлж байгаа тул нэн хэрэгцээтэй эмийн жагсаалтыг гаргаж эмийн багц бүрдүүлээд байна.

Жаргалант суманд туулах чадвар сайтай автомашин олгов
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Жаргалант сумын малчдад тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор туулах чадвар сайтай, шинэ буюу 100 километрээс бага гүйлттэй, баталгаат хугацаатай автомашин Улсын Онцгой комиссоос олголоо.

Малын сэг зэм устгалыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
Хоргодсон малын сэг зэм устгалын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр аймгийн мал эмнэлгийн газраас бэлтгэл хангаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар мал эмнэлгийн зардлаас 30 сая төгрөг шийдвэрлэж тогтоосон 2 цэгт стандартын дагуу ариутгал халдваргүйтлийн ажлыг гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 2227 толгой мал хоргодоод байна.
Малчдад олгох 10 тн гурил, 5 тн будааг хүлээн авлаа
Улсын онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас Орхон аймагт хувиарласан 10 тонн гурил, 5 тонн цагаан будааг хүлээн авлаа. Малчдад олгох ажлыг энэ сарын 9-ний өдрөөс эхэлнэ.