Орхон аймаг орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай 2024 оны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр “Эрдмин” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Арга хэмжээний эхэнд Засаг даргын орлогч М.Түмэнжаргал “Эрдмин” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, БОЭТ, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд чухал шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар түргэн, шуурхай хүргэх ажлын хүрээнд Е-Mongolia төвийн засвар хийх ажлыг хариуцан гүйцэтгэж, ашиглалтад оруулсан” гэлээ.
“Эрдмин” ХХК-тай энэ онд байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон бусад чиглэлээр 13 арга хэмжээг 87,6 сая төгрөгөөр хамтран хэрэгжүүлэх юм. Уул уурхайн компаниудтай байгуулж буй хамтын ажиллагааны төлөвлөгөө нь аймгийнхаа хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, авьяас, урлаг спортыг дэмжихэд чиглэсэн гэдгийг албаныхан онцолж байв.