Нийгэм
*. Админ .*
Нэг өдрийн өмнө
Бага ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг нэмэгдүүлнэ

Орхон аймаг ЕБС-ийн 1-5-р ангийн сурагчдынхаа үдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа гаргаж байна.
Өнөөдрийн байдлаар манай аймагт төрийн өмчийн 17 сургуулийн 1-5-р ангид 11020 суралцагч үдийн хоолонд хамрагдаж байна. Нэг удаагийн хоолны зардал 1500 төгрөгийн өртөгтэй, 350-450 ккал илчлэг бүхий хоол байгаа юм.
Үүнийг 1384 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 2884 төгрөг болгохоор тооцоолол гаргаж буй бөгөөд хоолны илчлэг шим тэжээлийг 650-800 ккал болгон нэмэгдүүлэх ажээ. Ингэснээр хүүхдийн өсөлт хөгжилтөд нэн шаардлагатай, дархлаа дэмжих сүү сүүн бүтээгдэхүүн, илчлэг өндөр, уураглаг, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүний орцыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.
Энэхүү нэмэгдэл зардлыг Орхон аймаг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны санхүүжилтээс шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулжээ. Түүнчлэн ажлын хэсэг үдийн хоолны талаар өнгөрсөн нэг дүгээр сард 6353 эцэг эхчүүдийг хамруулан санал асуулга авсаны 4772 нь хоолны чанарыг сайжруулах шаардлагатай хэмээн санал өгчээ.