Хот тохижуулах газарт 2023 онд орон нутгийн төсвийн 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлт хийсэн. Тодруулбал, 65 ширхэг хөдөлгөөнт чингэлэг, хог ачиж тээвэрлэх 7 авто машиныг хүлээлгэн өгсөн билээ.
2022 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог хуримтлуулах, ачиж тээвэрлэх зориулалттай 44 чингэлэг, 4 тээврийн хэрэгслийг нийлүүлж Булаг, Шанд, Рашаант, Наран, Эрдэнэ, Найрамдал, Баянцагаан ПДУ зэрэг долоон багт байршуулсан юм.
Ийн үе шаттайгаар парк шинэчлэлт хийснээр хөдөлгөөнт чингэлэг тээвэрлэх 11 авто машин, 110 хөдөлгөөнт чингэлэгтэй болж, хог татан авалтын хугацаа богиносов.
Өмнөх жилүүдэд улиралд нэг удаа буюу гурван сард нэг удаа хог ачилт хийдэг байсан бол үе шаттай парк шинэчлэлт хийснээр хугацааг багасгаж 45 хоногт нэг удаа болгосон. Харин энэ оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр хог ачих боломжийг бүрдүүлээд байна.
Энэ оны нэгдүгээр ээлжийн хог ачилт сар шинийн өмнө бүрэн дуусч хоёрдугаар ээлжийн хог ачилт 60 хувьтай үргэлжилж байна. Алслагдсан гэр хорооллын томоохон багуудад хөдөлгөөнт чингэлэг байршуулах нь хэр оновчтой шийдлийг туршиж үзэх ажил үргэлжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын томоохон багуудад ээлжлэн хөдөлгөөнт болон ил хог ачилт хийж байна. Энэ хүрээнд нэгдүгээр сард Баян-Овоот, Яргуйт Чингэл, Говил зэрэг дөрвөн багт ил ачилт хийж бусад 13 багт нэг багт дунджаар 8 хөдөлгөөнт чингэлэг байршуулж сар шинийн өмнө хог татан авалтыг 100 хувь дуусгасан.
Хоёрдугаар ээлжид Даваат, Их залуу, Дэнж зэрэг багуудад ил татан авалт хийж байна. Хоёрдугаар ээлжийн хог татан авалт дууссаны дараа үр дүнг харах боломжтой гэж үзэж буй.
Цаашид, гэр хорооллын зарим багт орон сууцны хороололтой адил хогийн цэг байгуулж туршиж үзэхээр төлөвлөжээ.
Орон сууцны хорооллын 10426 өрхөөс өдөрт дунджаар 15 автомашин буюу 204м.куб хог хаягдал гардаг. Энэ хог хаягдлыг 116 цэгээс 5 автомашинаар 7 хоногийн 5 өдөр ачиж тээвэрлэж байна. Харин гэр хорооллын багийн 13752 өрхөөс өдөрт дунджаар 18 автомашин буюу 612 м.куб хог хаягдлыг 8 автомашин, механизм, 8 жолооч, 4 ачигч, 7 хог хаягдлын хяналт, татвар хураамжийн ажилтан, нийт 19 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр татан авалт хийж байна.