УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ХББЗА-ны дарга П.Баясгалан нар энэ сарын 2-8-ны өдөр БНСУ-д албан айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд БНСУ-ын ган төмөрлөгийн үйлдвэр болох POSCO үйлдвэртэй танилцсан байна.
Тус үйлдвэр Солонгосын эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд төмрийн хүдэр импортолдог хэмжээгээрээ дэлхийд эхний тавд бичигддэг байна. Жилд 3 сая тонн ган төмөр боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50 хувийг экспортод, 50 хувийг дотооддоо нийлүүлдэг аж. POSCO үйлдвэр нь 1968 онд байгуулагдсан, дөрвөн салбартай, 8500 гаруй ажилтантай аж.
БНСУ нь ган төмрийн түүхий эдээ Австралиас импортолдог. Үүнийг нь POSCO үйлдвэр боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аж үйлдвэр, барилга, автомашин, усан онгоцны салбараа хөгжүүлсэн байна.
Тус үйлдвэртэй Эрдэнэт хот технологийн хөрөнгө оруулалтад хамтрах, жижиг, дунд үйлдвэр байгуулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах боломжтой хэмээн айчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид хэллээ. Өөрөөр хэлбэл, Солонгос улсад технологи байгаа бол Монгол Улсад нөөц байгааг онцолжээ.
Тус үйлдвэр нь үйлдвэрийн хашаан дотроо 320 км үргэлжлэх хатуу хучилттай авто замтай, нийт талбайн 3/1 нь ногоон байгууламжаар бүрхэгдсэн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа саарал ус, хямд эрчим хүч ашигладгаараа ижил төстэй үйлдвэрүүдээс ялгарч чаддаг гэдгийг хэлж байв.
Мөн тус үйлдвэр нь металлургийн салбарт дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлж, ногоон эрчим хүчний туршилтыг эхлүүлж, боловсролын салбарыг эрчимтэй дэмжиж инженерүүдэд тэтгэлэг олгодог байна.
“POSCO TJ PARK” сангийн 100 хувийн тэтгэлгийг Монгол Улсаас 2006 оноос хойш 200 гаруй оюутанд олгожээ. Тус үйлдвэр дэргэдээ Шинжлэх ухаан, техникийн их сургуультай.