Нийгэм
*. Админ .*
Нэг өдрийн өмнө
Орхон аймгийн дахин төлөвлөлт хөгжлийн шинэ үеийг эхлүүлнэ

Монгол Улсын төсвийн орлогын 7,5 хувь, нийт экспортын 10 хувийг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэт хот байгуулагдаад 46 жил болж байна. Энэ хотыг байгуулахад ЗХУ-ын зураг төслийн 40 гаруй институт оролцсон гэдэг. Хотыг анх төлөвлөхдөө 30 мянган хүн амтай байхаар тооцсон ч нийгэм, эдийн засгийн давуу байдлаас улбаалж өдгөө 107 мянган хүн амтай болтлоо өргөжсөн. Тиймээс Орос-Монголын найрамдлаар боссон хот цаашид хэрхэн хөгжих, яаж өргөжих, хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах нь орон нутгийн удирдлагуудын бодлого, шийдвэр, санаачилгаас ихээхэн шалтгаална. Иймд тулгамдаж буй асуудлаа эрэмбэлж түүнийг шийдвэрлэх аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэхэд хамтрагч түншээ сонгож эхлээд байна.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хот “Аж үйлдвэрийн парк” байгуулж Хойд бүсийн /Орхон, Булган, Хөвсгөл/ эдийн засгийн гол төв болох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд БНСУ-ын “BK Holding’s” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулж тэднийг төлөөлж Эрдэнэт хотод ажиллах “BK Mongolia” ХХК өнгөрсөн онд байгуулагджээ.

Энэ ажлын хүрээнд “BK Holding’s” группын урилгаар энэ сарын 2-8 хүртэл УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ХББЗА-ны дарга П.Баясгалан нар БНСУ-д албан айлчлал хийлээ.



Эрдэнэт хот “BK Holding’s” групптэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйдвэрийн парк байгуулах, орон сууцны хороолол барих, хотын дахин төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, ухаалаг хот байгуулахад хамтарна. Иймд “BK Holding’s” группийн нэгдэлд багтдаг хот төлөвлөлтийн зураг төсөл боловсруулдаг M.A.P группийн удирдлагуудтай уулзлаа.

M.A.P групп Орхон аймагтай 2023 оны 5, 9 дүгээр сард гэрээ байгуулж “Смарт хот”-ын ТЭЗҮ боловсруулах, орон сууцны төсөлд хөрөнгө оруулахаар тохиролцсон. Нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Энэ асуудлыг дахин хэлэлцэж цаашид тогтвортой байдлын гэрээ байгуулж хууль, эрх зүйн хувьд тогтвортой ажиллах талаар хоёр тал санал солилцлоо.

Мөн БНСУ нь дагуул хот, ухаалаг хот, ногоон хот байгуулсан туршлагаасаа хуваалцах юм. Орхон аймаг цаашид Жаргалант сумаа хөгжүүлж шинэ суурьшлын бүс байгуулах хэтийн зорилготой. Мөн Сархиа уулын энгэрт 30 га газарт “Аж үйлдвэрийн парк” байгуулахаар төлөвлөсөн тул үсрэнгүй хөгжсөн улсын түүх, туршлагыг өөрийн хотын онцлог, соёлд тохируулан хамтрах нь Орхон аймгийн зорилго юм.

Тус групп Эрдэнэт хотод дахин төлөвлөлтөд багтсан Найрамдал багийн 49-53 дугаар гудамжны 11,9 га газарт орон сууцны хотхоны төлөвлөлт, барилгын зураг төслийг гүйцэтгэх юм. Ингэхдээ залуучуудад чиглэсэн үйлчилгээг онцолж тэдний амьдралын хэв маягт тохируулж төлөвлөх гэнэ.

БНСУ нь үсрэнгүй хөгжихдөө эхлээд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлж дараа нь хүнд үйлдвэр буюу аж үйлдвэрлэлээ хөгжүүлсэн түүхтэй. Нэхмэл, даавуун үйлдвэр, газар тариалангийн салбараасаа ган, автомашин, хагас дамжуулагч, усан онгоц үйлдвэрлэж байж дэлхийд эдийн засгийн чадамжаараа эхний наймд, Азид эхний гуравт бичигдэж байна. Энэ өөрчлөлтийг дэлхий нийт “Хан мөрний эрэг дэх ид шид” хэмээн онцолдог. Тиймээс тэдний туршлага, ноухаугаас Эрдэнэтчүүд суралцаж хөгжлийн төлөвлөгөөг хамтдаа зурж эхэллээ. Дараагийн 40 жилийн түүх эндээс эхэлж байна.