Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас бүсчилсэн цахим хурал зохион байгуулж, өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож буй.
Өнөөдөр хойд бүс буюу Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийв.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 47 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 17 аймгийн 68 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу буюу нийт 21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байгаа аж.
Тухайлбал, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Булганы Рашаант сумдад цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын. Шинэ-Идэр, Улаан-Уул, Рашаант, Баянзүрх, Бүрэнтогтох, Ренчинлхүмбэ, Мөрөн, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.
Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Арбулаг, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ (Хатгал), Булганы Хангал, Баян-Агт, Булган, Бугат, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, цагаанаар зудархуу байна.
Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа аймаг сумдад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх, холбогдох мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, эмнлэгийн болоод төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж ажиллахыг үүрэг болголоо.
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1- 13.2 градусаар хүйтэн. Хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага байх төлөвтэй байна.
Өнгөрсөн сарын 24-нд аймгийн Онцгой комисс хуралдаж Жаргалант, Баян-Өндөр сумын мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр сумдын Аюулгүйн нөөцөд байгаа өвс, тэжээлийг сар шинээс өмнө малчдад үнэ төлбөргүй олгох чиглэлийг аймгийн Онцгой комиссын хурлаар хоёр сумдын Засаг дарга нарт өгсөн.
Үүний дагуу өнөөдрөөс Баян-Өндөр сумын ЗДТГ-аас 4000 боодол өвс, 1000 шуудай тэжээлийг малчдад үнэ төлбөргүй олгох ажлыг эхлүүлсэн.
Харин Жаргалант сум сар шинийн дараа ирэх гуравдугаар сарын эхээр малчдад 70 тонн өвс, 10 тонн хивэгийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгуулах юм.