Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ногоон өв” санаачилгатай уялдуудах ажлын хүрээнд өчигдөр манай аймагт тус улсын мэргэжилтнүүд ажиллав.
Ажлын бүрэлдэхүүнд БНКУ-ын Үндэсний ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ой судлалын шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн төвийн захирал Р.К.Рапажаев Онцгой байдлын яамны дэргэдэх Ойн албаны Ойн экосистемийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Т.Мамаев тэргүүтэй холбогдох албаны мэргэжилтнүүд багтжээ.
Албаныхныг аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ЗДТГ-ын дарга Ш.Ганболд нар бусад албаны хүмүүсийн хамтаар хүлээн авч уулзав. Уулзалтаар манай аймагт “Киргиз-Монголын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах, түүний арчилгаа хамгаалалт, хөрс, байгаль цаг уурын онцлогт нийцсэн жимсний мод нутагшуулах боломжит газруудыг тогтоох зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцлоо.
Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз улсад албан айлчлал хийсэн. Энэ үеэр Орхон аймаг, Эрдэнэт хотод хоёр улсын найрамдалт цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар шийдвэрлэсэн юм.