Нийгэм
*. Админ .*
Нэг өдрийн өмнө
Чандмань багт 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Чандмань баг, VII хороололд Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр баригдсан 150 хүүхдийн “Баян-Өндөр” цэцэрлэг өнөөдрөөс албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Баян-Өндөр сумын ИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар ОНХС-ийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тус цэцэрлэгийг барих шийдвэрийг гаргасан. Аймгийн төсвөөс гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ зэргийг шийдвэрлэхэд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон билээ.

Ийн Орхон аймгийн Баян-Өндөр сум хоёр жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж ашиглалтад оруулж буй Монгол Улсын анхны сум болж байна. Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд хамран сурах тойргийн бяцхан хүүхдүүд, тэдний эцэг эхийн төлөөлөл, цэцэрлэгийн хамт олон аймаг орон нутгийн удирдлагууд оролцов.

“Баян-Өндөр” цэцэрлэг ашиглалтад орсноор орон нутагт шинээр 27 ажлын байр бий болж байна. Уг бүтээн байгуулалтыг “Хөх тавилан” ХХК гүйцэтгэлээ.