Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын алба хаагчид өнөөдөр манай аймагт ажиллаж, цахимжуулалтын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар туршлага судаллаа.
Албаныхныг ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, ТЗУХ-ийн дарга М.Жанболат нар хүлээн авч уулзан “Цахим хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв.
Орхон аймаг цахим шилжилтээрээ улсдаа тэргүүлж буй аймаг билээ. Тодруулбал, “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд “Смарт Эрдэнэт аппликейшн, төрийн үйлчилгээг 24 цагийн турш шуурхай авах боломжтой Цахим төв, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх www.irgen.erdenet.mn вэб сайтыг ашиглалтад оруулсан гэх мэлээллийг албаныханд өглөө.
Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Х.Цэнд-Аюуш "Өнгөрсөн оны сүүлээр манай аймаг "Цахим Хөвсгөл" хөтөлбөрөө аймгийн ИТХ-аар батлуулсан. Орхон аймаг цахимжуулалтаар улсдаа тэргүүлж байгаа аймаг. Тиймээс энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээтэй нь танилцахаар ирээд байна. Манай хамт олон олон зүйлийг харж, орон нутагтаа очоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь дамжиггүй" гэсэн юм.
Түүнчлэн албаныхан Цахим төв, Цахим архив, Төрийн албан хаагчийн сургалтын төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, төрийн анхан шатны нэгж Эрдэнэ, Яргуйт багийн нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Өнгөрсөн онд нийслэл, 21 аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар мөн Булган аймгийн ЗДТГ-ын алба хаагчид манай аймгийн цахимжуулалтын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, туршлага судалсан билээ.