Аймгийн ЗДТГ, Монголын авто замчдын холбоотой хамтран “Авто зам-2024” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын авто замчдын холбооны холбооны 8 зөвлөх инженер, зураг төслийн 7, авто замын барилга угсралтын 9 компани оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, Авто замчдын холбооны тэргүүн М.Ган-Эрдэнэ нар үг хэлэв.
Засаг даргын орлогч М.Түмэнжаргал “Аймаг доторх орон нутгийн чанартай авто замын сүлжээг өргөтгөх, сайжруулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд аймгийн иргэдтэй уулзах үеэр, авто зам, замын байгууламжийг шинээр барих, их засвар, хийхэд зориулж 50 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэсэн. Энэхүү хөрөнгөөр хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлуудын судалгааг гарган, ажлын зургийн даалгаврыг боловсруулаад байна. Аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох гэж буй үе үеийн замчид Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ.
Мөн Авто замчдын холбооны тэргүүн М.Ган-Эрдэнэ орон нутгаас анхлан Орхон аймаг авто замын хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж байгааг онцолсон. Үүний дараа ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга С.Даваадорж аймгийн авто замын өнөөгийн нөхцөл байдал, 2024 онд аймгийн хэмжээнд хийгдэх авто зам, замын байгууламжийн ажил, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өгөв.
Орхон аймаг энэ жил 50 тэрбум төгрөгөөр 46 байршилд авто замаа шинэчилж, их засвар хийнэ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны есдүгээр сард Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэдээс гарсан санал хүсэлтэд тулгуурлан 50 тэрбум төгрөгийг авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлд төлөвлөсөн. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын улсын төсөвт төвлөрүүлдэг орлогоос 50 тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулахаар шийдвэрлэсэн билээ.
Энэ хүрээнд аймгийн хэмжээнд шинээр тавигдах авто зам засвар шинэчлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагуудад танилцуулах, цаашид хийх ажлын чанарыг сайжруулах, технологийн дэвшлийг зураг төсөлд тусган гүйцэтгүүлэх нь энэхүү хэлэлцүүлгийн зорилго байв.
Авто замын шинэчлэл, засварын ажлыг төлөвлөлтөөс эхлээд ашиглалт хүртэл чанартай, хариуцлагатай, үр дүнтэй байлгах зорилгоор мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлаа ийн хэлэлцлээ.
Хэлэлцүүлгээр Хотын авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, авто замын ус зайлуулах байгууламжийн төлөвлөлт, Хотын авто зам, замын байгууламжийн төлөвлөлт авто замын ус зайлуулах байгууламжийн төлөвлөлт, Орон нутгийн авто замууд дээр гүйцэтгэгчид тулгардаг бэрхшээл, нийтлэг асуудал, төсвийн норм дүрмийн өөрчлөлт, орон нутгийн авто замууд дээр зохиогчийн хяналтын явцад гардаг нийтлэг алдаа зэрэг мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас өглөө.
Орхон аймаг 130 км хатуу хучилттай авто замтай. Үүний 60 хувь нь буюу 80,8 километрт нь их бага хэмжээгээр эвдрэл үүссэн. Авто замаа засч, шинэчлэх тооцоог мэргэжлийн байгууллагууд хийхдээ эвдрэл, ихтэй замын хөдөлгөөний ачаалал их болон насжилт зэргээр нь эрэмбэлэсэн билээ.