Шинэ жилийн баярын өдрүүдэд хэв журмын нөхцөл байдал аймгийн хэмжээнд тайван байсан талаар Цагдаа, Онцгой байдлын газраас шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ. Баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжин ажилласан.
2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх дөрөв хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 99 дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 66,2 хувиар буурсан үзүүлэлт аж.
Баяр, амралтын өдрүүдэд ажилласан хөдөлгөөнт болон явган эргүүлийн алба хаагч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан, гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болсон 12 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
А.Амарын талбайд зохион байгуулсан “Эрдэнэтийн мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүний үеийн замын хөдөлгөөний зохицуулалт болон гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтад 75 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Мөн аймгийн Онцгой байдлын газарт баярын өдрүүдэд ахуйн гал түймрийн хоёр дуудлага ирснийг унтраан ажиллажээ. Дээрх хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагад болон Баян-Өндөр, Жаргалант сумдын гэр хорооллын 18 багт гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулав гэж мэдээллээ.