Төрийн албаны салбар зөвлөл энэ оны нэгдүгээр сарын 25-ний өдрийн хуралдаанаар “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”, Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам” зэрэг таван журмыг нэгтгэсэн. Ингээд “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дээшлүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталж өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн мөрдөж байна. Мөн ерөнхий шалгалт нь улсын хэмжээнд улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах хуваарьт ерөнхий шалгалт, аймаг, нийслэл дэхь хүний нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн захиалгаар хэсэгчлэн зохион байгуулах ерөнхий шалгалт буюу захиалгат ерөнхий шалгалт гэсэн хоёр төрөлтэй болсон. Төрийн албаны II улирлын ерөнхий шалгалт маргааш аймгийн ЗДТГ-т 08:00 цагт эхэлнэ. Өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан ерөнхий шалгалтад 119 иргэн оролцохоор бүртгүүлснээс 102 иргэн буюу 85,7 хувь нь оролцож 33 иргэн тэнцсэн юм.