Үндэсний их баяр наадам, сар шинийн баярыг тохиолдуулан 65-с дээш насны ахмадуудад насны хишиг олгодог. Тэгвэл энэ жилийн баяр наадмаар 65 нас хүрч байгаа ахмадууд шинээр бүртгүүлэх шаардлагатай. Насны хишиг" тэтгэмжид шинээр хамрагдах 65 нас хүрсэн ахмад настан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийгмийн халамжийн цахим систем ehalamj.mn хаягаар бүртгүүлэн хүсэлтээ гаргах юм байна. Хэрэв цахимаар хүсэлт гаргах боломжгүй тохиолдолд харьяа багийнхаа хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж, хүсэлт гаргах боломжтой. Энэ удаад 1958.02.24-нөөс 1958.07.15-ны өдрийн хооронд төрсөн иргэдэд шинээр хамрагдах эрх үүснэ. Насны хишиг олгох журамд зааснаар ахмад настан 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хүсэлт гаргасан тохиолдолд тухайн онд ногдох насны хишгийг олгохгүй бөгөөд дараа оноос эхлэн олгодог байна. Манай аймгийн 5094 ахмад насны хишигт өнгөрөсн сар шинээр хамрагдсан байна. Үүнийг задалбал 65-69 насны 2227, 70-79 насны 1972, 80-89 насны 788, 90-с дээш насны 107 ахмад настан насны хишигт хамрагдсан байна.