Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
ОРЦОНД ХОНОГЛОДОГ 15 ХҮНИЙГ СОНГОЖ ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛНА

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Баян-Өндөр сумын ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо хамтран орон гэргүй, орц хонгилоор хоноглодог иргэдийн тоо нэмэгдэх болсон шалтгаан, нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэргэжлийн байгууллагуудыг хамруулан хэлэлцүүлэг хийжээ. Орхон аймагт нийгэмшүүлэх үйлчилгээг 2012 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд орон, гэргүй тэнэмэл иргэдийг өвлийн улиралд осгох болон хөлдөж амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг улирлын чанартай үйл ажиллагаа юм. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 400 гаруй иргэн нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан байна. Уг үйлчилгээнд хамрагддаг иргэдийн 98% нь архины хамааралтай. Зөвхөн өвлийн цагт үйлчилгээ авдаг учир тухайн цаг хугацаанд нийгэмшиж, үр дүн гардаг ч архины хамааралтай хүрээлэлд эргэн очсоноор үргэлжлүүлэн архи ууж эхэлдэг байна. Иймд нийгэмшүүлэх үйлчилгээнд хамруулах хугацааг уртасгах хэрэгтэй байгааг онцолсон. Хэлэлцүүлгээс Орхон аймагт хордлого тайлах эмчилгээний тасаг нээх, архины хамааралтай иргэдэд эмийн эмчилгээнээс илүү сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, энэ чиглэлээр хийгдэж буй санхүүжилт, төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа зэрэг саналууд гарсан. Мөн Баян-Өндөр сумын Нийгмийн бодлого, хөгжлийн хорооноос энэ чиглэлд 2 дахь шатны уулзалтыг хийсэн байна. Энэ хүрээнд Цагдаагийн газар бүртгэлтэй 44 иргэнээс судалгаа авч, орцонд хоноглодог 15 хүнийг сонгож эрүүл мэнд, сэтгэл заслын эмчилгээнд хамруулахаар болжээ.