
Орлогод нийцсэн орон сууц төслийн хүрээнд Уртын гол багт 260 айлын орон сууц барьж эхэлсэн. Уг барилгад орон нутгаас 7,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд тухайн орон сууцны эхний 3 блок барилгыг ирэх 6-р сард ашиглалтад хүлээж авахаар болжээ. Тус барилгын ажлыг Неман ХХК гүйцэтгэж байна. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Уртын гол багт баригдаж байгаа 260 айлын орон сууцны байрны 1м2 талбайн үнийг 1,952,798 автомашины зогсоолын үнийг 2,138,0000 төгрөгөөр тогтоон баталсан. Тус 260 айлын орон сууцны байрны 186 айлын орон сууцны байрыг худалдан борлуулж орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, 70 айлын орон сууцны байрыг түрээслэх юм. Түрээслэх байрны зарим хэсэг нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдсан айл өрхөд түр хугацаагаар түрээслэх байр байх юм. Мөн “Орлогод нийцсэн орон сууц”-ны журмаар орон сууцны байр худалдан авах хүсэлт гаргасан айл өрх нь улсаас орон сууцны байр хувьчилж аваагүй байх, өмнө нь төрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох түрээсийн болон бусад орон сууцны хөнгөлөлт эдлээгүй байх, өөрийн өмчлөлийн инженерийн хангамжгүй байх, сүүлийн таван жил гэр хороололд амьдарсан байх, худалдан борлуулах байрны төлбөрийг төлөх санхүүгийн эх үүсвэртэй байх зэрэг шаардлагууд тавигдаж байна.