
Жаргалант сумын тариаланч иргэд жилд 220-250 тн төмс 520-600тн нарийн ногоог зах зээлд гаргадаг гэсэн тооцоолол бий. 2016 оноос төрөөс бодлогоор хүлэмжийн ногоо тарих иргэдийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлтэй хүлэмж олгох эзэмшүүлэх гэсэн хэлбэрээр өнөөдрийн байдлаар 200 орчим хүлэмжийг иргэдэд өгсөн байна. Жаргалант сумын нийт хүлэмж ашиглаж байгаа иргэдийн хүлэмжийн хэмжээг тооцоход 3,8 га талбайд хүлэмжийн тариалалт хийж байгаа бөгөөд энэ жил тухайн талбайг 5 га болгох зорилт тавьж байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор ХХААГ-аас Орон нутгийн төсөв, Улсын төсөв, олон улсын буцалтгүй тусламжаар ХХАА-н дэмжих 5 жилийн хугацаатай зээлээр гэсэн нөхцөлүүдээр хүлэмж олгож байна. Жаргалант сумын хувьд газартариаланг түшиглэн амьдардаг айл өрх ихтэй учир аюулгүй хүнсний ногоо тариалах үүднээс хүлэмжийг их хэмжээгээр ашиглаж тариалалт хийх сонирхол өндөр байгаа ч хүлэмжний хүртээмж олдоц муу байна.