Нийгэм
Б. Урангоо
Нэг жилээс өмнө
О.АРИУНГЭРЭЛТ: 6-12-Р АНГИЙН 568 ХҮҮХЭД ЭЛЕКТРОН ТАМХИ 174 ХҮҮХЭД УТААТ ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Аймгийн засаг даргын захирамж гарч утаат болон электрон тамхийг 21 хүртэлх насныханд худалдан борлуулахыг хориглосон. Энэ хүрээнд боловсролын байгууллагаас нийт утаат болон электрон тамхи татаж байгаа 6-12р ангийн сурагчдын судалгааг гаргажээ. Өнөөдрийн байдлаар манай аймгийн ЕБС-н 568 хүүхэд электрон тамхи татаж байгаа бол үүний 125 нь эмэгтэй, 174 хүүхэд утаат тамхи татаж байгаагийн 20 нь эмэгтэй байна гэсэн судалгаа гарчээ. Электрон тамхи хорт хавдар үүсгэдэг химийн бодисууд агуулдаг. Харин электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа байдаг ч энэ нь том төөрөгдөл аж. Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны сайтад бичжээ. Электрон тамхийг 2003 онд Хятадад бүтээжээ. Уламжлалт тамхинаас ялгаатай нь хэрэглэгч утаа биш уур сорно. Өөрөөр хэлбэл шингэнийг уур болгон сордог байна. Англиар vapor гэх бөгөөд түүнээс вэйп гэх нэршил үүсэж, татах үйл явцыг вэйпинг гэж нэрлэх болсон байна.Электрон тамхины шингэний найрлагад глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг байна.