Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
Д. ҮЙЛСДЭЛГЭРЭХ : ХУРДАН МОРЬ МОНГОЛ АДУУТАЙГАА ХОЛБООТОЙ БАЙХАД ХҮН ГАЗАРДДАГГҮЙ

Намайг Дамдингийн Үйлсдэлгэрэх гэдэг. Би бусад шиг хөдөө хонь хариулж өссөн айлын хүүхэд биш Эрдэнэт хотынхоо унаган хүүхэд болж энд миний бага наснаас эхлэн бүх дурсамж бүтээгдсэн байдаг. Тэртээх 16 жилийн өмнө ах маань даага бэлэглэж үүнээс хойш хурдан морины аз хийморьтой холбогдож миний уяач болох хүсэл эхэлсэн түүхтэй. Морь уях нь эр хүний хийморь сэргэх, ах захаа хүндлэх гэх мэт уламжлагдаж ирсэн ёс заншлаа илүү түгээн дэлгэрүүлэх, суралцах эрдэмд давхар сургадаг. Уяач хэмээх алдар нэрийг зүүснээс хойш 16 жилийн турш 10 гаруй аймгийн, 40 гаруй сумын айраг түрүү авсан байна. Олон жил зүтгэсэн хөдөлмөрийг минь үнэлж аймгийн Алдарт уяач цолоор шагнуулсандаа баяртай байна.
Энэ хугацаанд хурдан морь уяхаас гадна хурдан морины үржүүлэг, судалгааны ажлыг сүүлийн найм гаруй жил хийж байна. Энэ их ажлыг амжуулж, амжилтад хүрэхэд тусалж дэмжсэн ханьдаа хамгийн их баярладаг. Мөн зөвлөн тусалдаг ах нар, ажлын хамт олондоо баярласнаа илэрхийлж байна.
Орхон аймгийнхаа нийт иргэдэд " Үзэсгэлэн" болгогч хэмээх туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхыг өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна.