Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилээс өмнө
ӨВЛИЙН СПОРТЫН ИХ НААДМУУД ХОЁРДУГААР САРЫН 6- 13- НЫ ӨДРҮҮДЭД ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадам Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймагт болох гэж байна.
Өнөөдөр Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал, Тэмцээний зам талбай байгуулах, баг тамирчдын бэлтгэлжилт, оролцоо хариуцсан дэд хорооны дарга, Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, Хэвлэл мэдээлэл, маркетинг сурталчилгаа хариуцсан дэд хорооны дарга, аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төвийн ахлах ажилтан В.Цэндхүү болон Соёл урлаг, тэмцээний нээлт, хаалт, шагнал гардуулах үйл ажиллагаа хариуцсан дэд хорооны гишүүн, туслах найруулагч Б.Ренцэнмядаг нар спортын наадмын бэлтгэл ажил зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өглөө. 

Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь зохион байгуулагч аймгийн давуу тал юм. Орхон аймаг, Эрдэнэт хотын билэг тэмдэг хүчит арслангаар Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадмыг билэгдсэн бол Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадмын билэгдэл уламжлал ёсоор “ГАЛХҮҮ” байна. Хүүхдийн наадмын спортын наадмын лого нь алтан соёмбот үсгийн нар, сар, гал гурвын дүрслэл бөгөөд дараа дараагийн хүүхдийн спортын наадмын далбаа болж зохион байгуулах эрх авсан аймаг, хот, дүүрэгт шилжин явах онцлогтой юм. Наадмын билэгдэл “Галхүү”-г хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг билэгдсэн. Наадмын билэгдлийг хүүхдүүдэд танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрлэжээ. Мөн Орхон аймаг, Эрдэнэт хотыг зэс, оюу өнгөөр тодорхойллоо. Шаргал өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг, цайвар цэнхэр өнгөөр мөсийг билэгдэн энэ удаагийн өвлийн спортын наадмын өнгө төрхийг тодорхойлж, хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймаг өвлийн спортоор амьсгалахаар ийн бэлтгэлээ хангаж байна.

                                                                                                                                   Эх сурвалж: Erdenet.mn