Аймгийн хэмжээнд 91 бүтэн өнчин, 1056 хагас өнчин хүүхэд, 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 1285, өрх толгойлсон эмэгтэйчүүд 2557 байна. Өмнөх оноос өрх толгойлсон эмэгтэйчүүд 3.9 хувиар буурч, бүтэн өнчин хүүхдийн тоо 16.7 хувиар, хагас өнчин хүүхдийн тоо 8.5 хувиар, 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 2.8 хувиар нэмэгдсэн байна. Тайлант хугацаанд төрсөн 2064 хүүхдийг иргэний бүртгэлд бүртгэн, нас барсан 589 хүнийг иргэний бүртгэлээс хасаж, 492 гэрлэлтийг бүртгэн, 190 гэрлэлт цуцлагдаж, 37 хүүхэд үрчлэгджээ. Өмнөх оноос төрөлт 1.7 хувиар, нас баралт 0.3 хувиар, үрчлэлт 28.8 хувиар бага, гэр бүл цуцлалт 40.7 хувиар, гэрлэлт 2.5 хувиар их байна. Гэрлэсэн эрэгтэйчүүдийн 32.3 хувь нь 25-29 насныхан, 26.4 хувь нь 30-34 насныхан, харин эмэгтэйчүүдийн хувьд 33.7 хувь нь 25-29 насныхан, 24.8 хувь нь 20-24 насныхан байна. Гэр бүлээ цуцлуулсан хосуудын 22.6 хувь нь 15-19 жил, 21.6 хувь нь 10-14 жил гэр бүл байжээ. Үрчлэгдсэн хүүхдүүдийн 45.9 хувь нь 3 хүртэлх насныхан байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна. Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр тайлант онд 1938 хүн шилжин иржээ. Шилжин ирэгсдийн 6.7 хувь нь Хөвсгөл аймгаас, 7.1 хувь нь Сэлэнгэ аймгаас, 27.6 хувь нь Булган аймгаас, 32.8 хувь нь Улаанбаатар хотоос шилжин ирсэн нь дийлэнх хувийг эзэлж байна. Насны хувьд шилжин ирэгсдийн 47.8 хувь нь 15-54 насныхан байна.