НӨАТ-ын өнгөрсөн оны сүүлийн улирлын буцаан олголтыг хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх талаар татварын байгууллагаас мэдээллээ. 2022 оны IV улирлын буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа иргэд энэ оны нэгдүгээр сарын 8-ны 23.00 цаг хүртэл амжиж бүртгүүлэхийг мэдэгдлээ.
Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал тутамд олгож байгаа юм. Ингэхдээ I улирлынхыг оны 4 дүгээр сард, II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард, III улирлынхыг 10 дугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгодог болсон. Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтоос доорх төрлийн татваруудыг төлөх боломжтойг татварын байгууллагаас мэдээлж байна. Үүнд:
Автотээврийн хэрэгслийн албан татвар,
Галт зэвсгийн албан татвар,
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
Газрын төлбөр,
Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
Малын тоо, толгойн албан татвар тус тус орж байна.
Иргэд НӨАТ-ын IV улирлын урамшууллын буцаан олголтоороо албан татвараа шимтгэлгүй, зөрүүгүй, хурдан шуурхай төлөх боломжтой бөгөөд хүсэлтийг ebarimt системээр хүлээн авч байна.
Эх сурвалж: Montsame.mn