“Өргөө” амаржих газрын эмч нар хүнд суртал гаргасны улмаас 26 настай эмэгтэй автомашиндаа амаржсан гэх бичлэг цахим сүлжээнд цацагдаад байгаа билээ.
Энэ талаар автомашинд амаржсан эмэгтэй Б-ийн ааваас тодрууллаа. Тэрбээр “Миний охин Б нь Хан-Уул дүүрэгт амьдардаг. Харьяаллын дагуу “Өргөө” амаржих газар амжиржих ёстой. Арванхоёрдугаар сарын 31-нд гэнэт өвдөж, төрөх эмнэлэг рүү очсон байна лээ. Гэтэл жижүүрт гарч байсан эмч, сувилагч нар асуумж асууж, цаг хугацаа их алдсан байсан. Хүргэн маань “Энэ асуух асуумжаа дараа болъё. Хүүхдийн маань толгой цухуйчихаад байна шүү дээ” гэж хэлээд байхад тоогоогүй гэсэн. Охин маань нөхрийгөө тусламж дуудахаар явах хооронд хүйтэн машинд ганцаараа амаржсан байсан. Эмч нар хугацаа алдаагүй, түргэн шуурхай хандаж, асуумжаа дараа асуусан бол миний охин эрүүл, аюулгүй, дулаан газарт төрөх боломж байлаа. Охиныг маань төрсний дараа эмч нар хөнжилд ороогоод л хүйтэнд эмнэлэг рүү орсон байна лээ. Хөхөө өвлийн хүйтэнд дөнгөж төрөнгүүтээ эмнэлэг рүү нүцгэн шахуу гүйсэн хүүхэд маань ханиад хүрсэн байна. Нярай зээд маань тууралт өгч, эмнэлэгт ээжтэйгээ байгаа. Сэтгэл санаа нь хямарч, хэцүүхэн байдалтай байна. Ариутгал, халдваргүйтэл алдагдаж байна шүү дээ. Гомдолтой байна. Хүүхдүүдийн маань биеийн байдал зүгээр байгаасай гэж хүсэж байна. Охины маань ханиад улам хүндэрч, цээжээр нь хатгуулж байна гэнэ. Хатгаа авчихаагүй байгаасай л гэж хүсэж байна” гэлээ.
Эх сурвалж: ERGELT.MN