
БШУЯ- аас гаргасан шинэ журмын дагуу жилд хоёр удаа ЭЕШ- ыг зохион байгуулахаар болсон. Үүний хүрээнд арванхоёрдугаар сарын 16- нд улс орон даяар эхлэх юм. Орхон аймгийн хэмжээнд 116 шалгуулагч энэ удаагийн ЭЕШ- д өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд 4- р сургуулийн байранд зохион байгуулагдана.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна
- Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.
Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш 5 өдрийн дараа зарлах юм.