Эдийн засаг
A. Admin
2 жилийн өмнө
ИРЭХ САРЫН 25-НААС ЗОРИЛТОТ ӨРХҮҮДЭД 350 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТҮЛЭЭНИЙ МОД ХУДАЛДАНА

Энэ жил орон нутгийн төсвөөс санхүүжилтыг нь шийдвэрлэж Баян-Өндөр сумын ЗДТГ аймгийн хэмжээнд түлээ, түлшний зохиомол үнийн өсөлт, хомстол  үүсгэхгүй  байх үүднээс “Түлээ, түлш нийлүүлэх” төслийг хэрэгжүүлж бэлтгэл ажлаа хангаад  байна. 
Засаг даргын даваа гаригийн /өнөөдрийн/ шуурхай зөвлөгөөний үеэр Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн  түлээ, түлш зах зээлийн үнээс хямд өртөгөөр зорилтот өрхөд нийлүүлэх төслийн явцын талаар мэдээлэл өгөв. 
      Уг ажлын хүрээнд ирэх сарын 25-наас өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн  гэх мэт  зорилтот  2600 гаруй өрхөд 350 мянган төгрөгөөр түлээний мод олгох юм. “Өнөөдрийн байдлаар 100 орчим портер  буюу 400 метр куб түлээний мод нөөцөлсөн. Багийн ажлын албаар дамжуулан 14 багаас хамрагдах айл өрхийн нэрсийг авна” гэх мэдээллийг өглөө.. 
Баян-Өндөр сумын  гэр хорооллын 14 багийн 14-15 мянган айл өрхийн жилийн түлээний модны хэрэглээ  136 мянган метр куб гэсэн тооцоолол бий. Орон нутгийн төсвийн  800 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй  уг төслөөр  түлээний  модны 10 гаруй хувь буюу 2600 портер  машин түлээний модыг бэлтгэж, зах зээл дэх үнээс хямд үнээр иргэдэд худалдах юм. Ингэснээр түлээний модны  зохиомол үнийн хөөрөгдөл,  хомстол  үүсэхгүй гэж үзэж албаныхан үзэж  байна.  

Засаг дарга С.Батжаргал энэ үеэр  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аймаг руу орж ирэх түлээ, түлшний мод ачсан машиныг ямар нэгэн чирэгдэлгүй нэвтрүүлэхийг үүрэг болгосон. 
      Түлээ, түлш нийлүүлэх  энэхүү төсөл хэрэгжсэнээр түлээний модны үнийг тогтворжуулах, ирэх оны модны нөөцийг бий болгох, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, ирэх оны түлээний модны санхүүжилтийг “Эрдэнэт санд” төвлөрүүлэх гээд олон талын ач холбогдолтой юм.  
  Булган аймгийн ИТХ-аас Орхон аймгийн тухайн жилийн ойгоос бэлтгэх модны  хэмжээг тогтоож,  үүний хүрээнд Баян-Өндөр сум тойрсон Жаргалант, Булган аймгийн Хангал, Ингэт, Бугат, Орхон зэрэг таван  сумдтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж  түлээний модоо бэлтгэдэг.   Өнгөрсөн жил түлээний модны үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлж Баян-Өндөр сумын ЗДТГ Жаргалант сум, Булган аймгийн Орхон, Бугат сумтай хамтран “Хожуул” төслийг амжилттай  хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд 6 хоногт Орхон сумаас 250, Жаргалант сумаас 250, Бугат сумаас 100 портер машин түлш бэлтгэж өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг машиныг нь 250 мянган төгрөгөөр борлуулсан билээ. 

Мэдээллийн төв